2025.09.11
БОГДХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО
2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Тахилгын ёслолд МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БОУАӨ-ийн сайд Батын Батбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр болон албаны хүмүүс оролцлоо.
Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больсон байсан.
Харин 1995 оноос хойш Богдхан уулын Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг сэргээсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 онд зохион байгуулахаар товлоод байсан юм.