БОГДХАН УУЛ
Богд уулыг Монголын их Юань улсын 1294 оны хууль цаазын бичгийн 398 дахь бүлэгт дархлан хамгаалсан дэлхийн хамгийн анхны газар юм. 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харъяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богдхан уулыг тахих, "Хан уул" хэргэм цолыг өргөх зарлиг гарснаар "Богдхан уул" хэмээн нэрлэх болсон.
1957, 1974 онд Богдхан уулыг төрөөс бататган дархалж, 1988 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 78 тоот зарлигаар хил заагийг тогтоож, 1995 онд УИХ-ын 26 тоот тогтоолоор хил заагийг шинэчлэн, 2012 онд УИХ-ын 38 тоот тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газар (ДЦГ)-ын хязгаарлалтын бүсээс 33.5 га газрыг тусгай хамгаалалтаас гаргаснаар нийт талбайн хэмжээ 41,427.89 га болсон.
1997 онд Богдхан уулын ДЦГ-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд (Man and the Biosphere programme/MAB) бүртгэснээр Монгол улсаас бүртгэгдсэн анхны тусгай хамгаалалттай газар болсон.
Богдхан уулын дархан цаазат газар нь нийт хэмжээ 41427,89 га
-Хязгаарлалтын бүс: 6455.82 га
-Хамгаалалтын бүс: 28050.41 га
-Онгон бүс /А, Б/ 6921.55 га
Хамгийн өндөр оргил нь далайн түвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.40 орчим амтай /үндсэн 33 ам/, 20 горхи булаг рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 194 төрлийн шувуу, 588 зүйлийн ургамал, шинэс, хуш, хус, гацуур, нарс голлосон ой модтой.
Богдхан уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол, горхи эх авч зарим нь Туул голд цутгана. Богдхан уулаас эх авсан 36,2 км урт Түргэн, 33,4 км урт Баруун, Зүүн Зуун мод, 23,1 км урт Чулуут, 32,6 км урт Хүрхрээ зэрэг голуудтай.
Төрийн тахилгат уулсаас хамгийн эрт дээр үеэс тахиж тайж ирсэн нь Богдхан уул. Хүннүгийн үеэс төрийн хэмжээнд тахиж шүтэж байсан гэх мэдээ бий. Хожим Их Монгол Улсын үед тахиж шүтэж ирсэнээс 1709 онд "Халх журам" хууль цаазын бичигт Богдхан уулыг тахилгат уул хэмээн хуульчилж, 1778 онд хүрээ сайд Юндэндоржийн өргөн мэдүүлсний дагуу Богдхан уулсыг дархан цаазтай болгох хааны зарлигаар жил бүр тахиж ирсэн түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 тоот тогтоолоор Богдхан Уулын тахилгыг дахин сэргээсэн 5 жил тутам тахилгын ёс журмыг гүйцэтгэдэг болсон.

